Румыний Ерөнхий сайд огцорчээ

Румыний ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хэт барууны үзэлтэй нэр дэвшигч ялалт байгуулсны дараа Ерөнхий сайд Марчел Чолаку огцорно гэдгээ даваа гарагт мэдэгдсэн нь тус улсад дахин үймээн дэгдэхэд хүргэжээ.
Мягмар гаргийн өглөө түр ерөнхий сайдыг томилно гэж Румыний хэвлэлүүд Ерөнхийлөгчийн засаг захиргааг эш татан мэдээлсэн байна. 2023 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж байгаа М.Чолаку эрх баригч зүүн төвийн үзэл баримтлалтай Социал демократ намыг /PSD/ удирддаг. Тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Крин Антонеску ням гарагт болсон сонгуулиар гуравдугаарт оржээ.
Тавдугаар сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд хэт барууны үзэл баримтлагч Жорж Симион, бие даан нэр дэвшигч, Бухарест хотын дарга Никушор Дантай өрсөлдөнө. Ингэснээр Румыний томоохон намууд бүхэлдээ өрсөлдөөнөөс гарах юм.
М.Чолаку өөрөө өнгөрсөн жил дүнг нь хүчингүй болгосон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн юм. Гэвч түүний кампанит ажил нь тансаг зэрэглэлийн онгоц ашигладаг гэх шүүмжлэлд өртөж, сонгогчдын тавны нэгд хүрэхгүй санал авч гуравдугаар байрт орсон байна. Тэрбээр огцрох өргөдлөө өгсөн боловч албан тушаалдаа хэвээр үлджээ.
Сонгуулийн өмнө “Politico” сонинд ярилцлага өгөх үеэрээ Ж.Симион томоохон намууд дахин ялагдал хүлээвэл Ерөнхий сайд албан тушаалаа орхих ёстой болно гэж таамаглаж байсан бөгөөд өнгөрсөн 11 дүгээр сард болсон сонгуулийн ялагч Калин Жоржескуг уг албан тушаалд тохирно гэж ярьсан байна.
Сэтгэгдэл