SIPRI: Цэргийн зардал Хүйтэн дайнаас хойш хамгийн ихээр өсөв

Aдмин / Гадаад мэдээ

Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын цэргийн зардал өмнөх оныхоос 9.4 хувиар нэмэгдэж, 2.718 их наяд ам.долларт хүрсэн нь Хүйтэн дайн дууссанаас хойш нэг жилийн хугацаанд хамгийн их хэмжээгээр өссөн үзүүлэлт болсон тухай дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын хүрээлэнгээс (SIPRI) саяхан гаргасан тайланд дурджээ.

2024 онд дэлхийн бүх бүс нутагт цэргийн зардал нэмэгдсэн бөгөөд ялангуяа Европ, Ойрх Дорнодын орнуудынх хурдацтай өссөнийг тус хүрээлэнгийн шинжээчид онцолжээ. Дэлхийн улс орнуудын цэргийн нийт зардлын 60 хувийг АНУ, Хятад, Орос, Герман, Энэтхэг гэсэн таван улс эзэлж, нийт 1.635 их наяд ам.долларт хүрсэн байна.

Батлан хамгаалах салбарт хамгийн их хөрөнгө зарцуулдаг 15 улс өнгөрсөн онд бүгд цэргийн зардлаа нэмэгдүүлсэн байна. Дэлхийн ДНБ-д эзлэх цэргийн зардлын хувь хэмжээ 2024 онд 2.5 хувьд хүрчээ.

Орос, Украины цэргийн зардал

SIPRI-гийн шинжээчдийн тооцоолсноор, өнгөрсөн онд ОХУ-ын цэргийн зардал 149 тэрбум ам.долларт хүрсэн нь 2023 оныхоос 38 хувиар их байгаа бол 2015 оныхоос хоёр дахин нэмэгджээ. Тус улсын өнгөрсөн оны цэргийн зардал ДНБ-ийх нь 7.1 хувь, төсвийн нийт зардлын 19 хувьтай тэнцэж байна.

Украины цэргийн зардал 2024 онд 2.9 хувиар өсөж, 64.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь ОХУ-ын цэргийн зардлын 43 хувьтай тэнцэж байгаа юм. Украины цэргийн зардал ДНБ-ий 34 хувийг эзэлсэн нь бусад улсынхтай харьцуулахад хамгийн өндөр байна гэж SIPRI мэдээлжээ.

"Одоогийн байдлаар татвараас олсон бүх орлогыг Украины армийн хэрэгцээнд зарцуулж байна. Ийм хязгаарлагдмал төсвийн нөхцөлд Украинд цэргийн зардлаа цаашид нэмэгдүүлэхэд хүндрэлтэй байх болно" гэж SIPRI-ийн Цэргийн зардал, зэвсгийн үйлдвэрлэлийн хөтөлбөрийн ахлах судлаач Диего Лопес да Силва онцолсон байна.

Европ, НАТО ба АНУ

Европын орнуудын /Оросыг оруулаад/ цэргийн зардал 17 хувиар өсөж, 693 тэрбум ам.доллар болжээ. "Украинд дайн гурав дахь жилдээ үргэлжилж буйтай холбоотойгоор Европ даяар цэргийн зардал нэмэгдэж, Хүйтэн дайны төгсгөл үеийн үзүүлэлтээс давлаа. 2024 онд Мальтагаас бусад Европын бүх орон цэргийн зардлаа өсгөсөн" гэж тайланд онцолжээ.

Өнгөрсөн онд Төв болон Баруун Европын зарим орон “цэргийн зардалтай холбоотой шинэ үүрэг амлалтууд авч, худалдан авалтын томоохон төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээр цэргийн зардал нь урьд өмнө байгаагүй хэмжээгээр өсжээ”.

Германы цэргийн зардал 28 хувиар өсөж, 88.5 тэрбум ам.долларт хүрсэн нь Төв болон Баруун Европын орнуудын дунд хамгийн өндөр үзүүлэлт болж, дэлхийд дөрөвдүгээрт бичигджээ. Польшийн цэргийн зардал 31 хувиар нэмэгдэж, 38 тэрбум ам.долларт хүрсэн нь тус улсын ДНБ-ий 4.2 хувийг эзэлжээ.

НАТО-гийн бүх гишүүн орон өнгөрсөн онд цэргийн зардлаа нэмэгдүүлсэн байна. Эвслийн гишүүн орнуудын нийт зардал 1.506 их наяд ам.долларт хүрчээ. 2023 онд НАТО-гийн гишүүн 32 улсаас 11 нь ДНБ-ий 2-оос доошгүй хувийг цэрэг армидаа зарцуулж байсан бол өнгөрсөн онд 18 болж нэмэгдсэн нь 2014 онд цэргийн зардалтай холбоотой удирдамжийг баталснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

АНУ-ын цэргийн ардал 5.7 хувиар өсөж 997 тэрбум ам.долларт хүрсэн нь НАТО-гийн нийт зардлын 66 хувьтай, дэлхийн улс орнуудын нийт зардлын 37 хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн онд тус улс цэргийн төсвийнхөө ихэнх хэсгийг Орос, Хятадаас стратегийн хувьд давуу байдлаа хадгалахын тулд цэргийн хүчин чадлаа, тэр дундаа цөмийн чадавхаа шинэчлэн сайжруулахад зарцуулсан гэж тайланд онцолсон байна. НАТО-гийн Европын гишүүн орнууд нийтдээ 454 тэрбум ам.долларыг батлан хамгаалах салбарт зарцуулсан нь эвслийн нийт зардлын 30 хувийг эзэлж байна.

Ойрх Дорнод

Өнгөрсөн онд Ойрх Дорнодын орнуудын цэргийн зардлын хэмжээ 243 тэрбум ам.долларт хүрсэн нь 2023 оныхоос 15 хувь, 2015 оныхоос 19 хувиар өсжээ.

Израилын цэргийн зардал 65 хувиар нэмэгдэж, 46.5 тэрбум ам.доллар болсон нь 1967 оны “Зургаан өдрийн дайнаас” хойш хамгийн их хэмжээгээр өссөн үзүүлэлт боллоо. Тус улсын цэргийн зардал ийнхүү өссөн нь Газын зурваст байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа болон Ливаны өмнө нутагт шиит шашинтнуудын “Хезболла" бүлэглэлтэй мөргөлдөөн хурцадсантай холбоотой.

Израил улс ДНБ-ийхээ 8.8 хүртэлх хувийг дээрх зорилгоор зарцуулж байгаа нь дэлхийн хоёр дахь өндөр үзүүлэлт юм гэж гэж SIPRI-гийн тайланд дурджээ. Эдийн засгийн хямрал, улс төрийн үймээн самууны улмаас сүүлийн жилүүдэд буураад байсан Ливаны цэргийн зардал 58 хувиар өсөж, 635 сая ам.долларт хүрчээ.

Харин Ираны цэргийн зардал өнгөрсөн онд 10 хувиар буурч, 7.9 тэрбум ам.доллар болсон байна. "Хориг арга хэмжээнээс үүдэлтэй нөлөө тус улсын хувьд цэргийн зардлаа нэмэгдүүлэх боломжийг ихээхэн хязгаарласан" гэж SIPRI-ийн тайланд дурджээ.

Энэтхэг, Хятад, Япон

Цэргийн зардлын хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт жагсдаг Хятад улсын цэргийн зардал өнгөрсөн онд 7 хувиар өсөж, 314 тэрбум ам.долларт хүрсэн нь Ази болон Номхон далайн бүс нутгийн орнуудын нийт цэргийн зардлын 50 хувийг эзэлжээ. SIPRI-гийн тайланд Тайванийн цэргийн зардлыг Хятадын эх газрынхаас тусад нь тооцоолон гаргадаг. Тайванийн цэргийн зардал 1.8 хувиар өсөж, 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Японы цэргийн зардал 55.3 тэрбум ам.долларт хүрч 21 хувиар өссөн нь 1951 оноос хойш нэг жилийн хугацаанд хамгийн их хувиар өсжээ. Түүнчлэн ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэж байгаа нь 1958 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэтхэгийн цэргийн зардал (дэлхийд тавдугаарт ордог) 1.6 хувиар өсөж, 86.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: TASS
Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000