АҮББХ: “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдөр (2025.04.16)-ийн хуралдаанаар “Онтрэ” ХХК (Entrée Resources LTD)-ийн ашиглалтын лиценз болон Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын, “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн яамны мэдээллийг тус тус сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа.
Байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлдээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюу толгой” ХХК нь 6709A, 6708A болон 6710A тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахаар заасан.
Гэвч уг гэрээний 3.3-т “Хөрөнгө оруулагч нь ... гэрээний 15.7.8-д зааснаар олгогдсон талбай дахь уурхайн эдэлбэрт орших аливаа ашигт малтмалын орд газраас ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулах эрхтэй.” гэсэн заалт орсон байна.
Уг 15.7.8-д “Антре гоулд” компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/, улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох” талаар заасныг тодорхой дурдав.
Мөн тэрбээр, гэрээний 15.5-д “Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 15.6-д заасан шаардлагуудыг хангасан тохиолдолд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэл хүргүүлж, Хөрөнгө оруулагчийн шууд ба шууд бусаар эзэмшиж буй, эсхүл хяналтандаа авсан Оюу толгой ордын эрдэсжсэн тогтолцооны хэсэг болох ашигт малтмалыг агуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэхүү Гэрээнд хамааруулах хүсэлтээ гаргах эрхтэй.
Энэхүү Гэрээний 16 дугаар бүлэгт тодорхойлсон Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд хамруулахаар Хөрөнгө оруулагчийн гаргасан хүсэлтийг Засгийн газар нь энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ” гэж заасан талаар танилцууллаа.
Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д дурдагдсан 3148Х, 3150Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Антре (“Онтрэ”) ХХК-д 2001 оны дөрөвдүгээр сарын 03-нд олгосон бөгөөд хуучнаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 877 дугаар шийдвэрээр “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй MV-015226, MV-015225 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл болгожээ.
Эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Оюу толгойн бүлэг ордын нөөцийн зэсийн 24.0 хувь, алтны 42.0 хувь, мөнгөний 29.0 хувь, молибденийн металлын 94.0 хувь нь хамаарч байна.
Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд 2004 онд буюу Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө хоорондоо “Ашиг хуваах гэрээ”-г байгуулсан байна. Уг гэрээгээр Онтрегийн талбай дахь геологийн судалгаа, хайгуулын ажлын зардалд Туркойз хилл ресурс компани 35.0 сая ам.доллар, түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд, мөн олборлолт хийх гүн нь газрын гадаргаас доош 560 метр хүртэл бол 70.0 болон 30.0 хувь, 560 метрээс доош бол 80.0 болон 20.0 хувийн эдийн засгийн өгөөж хүртэхээр тохиролцжээ. Энэхүү 70-80 хувийн ашиг хүртэх эрхээ Туркойз хилл ресурс компани 2005 онд “Оюутолгой” ХХК-д шилжүүлсэн байгаа юм.
Гэвч эдгээр ашиг хүртэх болон эрх шилжүүлэх гэрээнүүд, Онтрегийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад Оюутолгой ХХК үйлдвэрлэл явуулах болон компаниуд тус тусын эдийн засгийн сонирхлыг баталгаажуулах үйл явц удаашралтай байна гэж үзэн Онтре гоулд компани 2022 оны тавдугаар сард арбитрын маргаан үүсгэсэн байна.
Олон улсын арбитрын шүүхээс 2004 оны гэрээг баталгаажуулах, Онтре ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авахыг Оюутолгой ХХК зөвшөөрч, үүнтэй холбоотой татвар, хураамжийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг 2024 оны 12 дугаар 19-ний өдөр гаргаад байгаа юм. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ 2025 оны нэгдүгээр сард компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгосон байна.
Засгийн газраас өнгөрөгч долоо хоногийн (2025.04.09) хуралдаанаараа стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын хил заагийг тогтоож, үүнд “Онтре” ХХК-ийн эзэмшиж буй талбайнуудыг хамааруулаад байна.
Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Онтре” ХХК-ийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших, эсхүл түүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах, эсэх асуудлыг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.
Тусгай зөвшөөрлүүдийг “Оюутолгой” ХХК-д шилжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх...” шаардлагыг хангуулах нь чухал байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэлдээ онцлов.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах байр суурьтай байгаа эсэх, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдсан эсэх асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл “Онтре” ХХК-ийн лицензүүдийг Оюутолгой ХХК-д шилжүүлэхгүйгээр шинээр гэрээ байгуулж болох эсэхийг асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан мөн энэ асуултыг тавьсан юм.
Тэрбээр Оюутолгой төслийн хэрэгжилтэд хийсэн аудитын нууц тайланд Монгол Улс 2034 оноос бүү хэл хэзээ ч ноогдол ашиг авахгүйг дурдсан тухай мэдээлээд, “Онтре” ХХК-ийн 34.0 хувийг эзэмшиж, Үндэсний баялгийн санд шилжүүлэх талаар Засгийн газраас ямар алхам хийж байгааг асууж тайлбар авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан Засгийн газар Оюутолгойн бүлэг ордын хилийн заагийг тогтоосон нь маргаан дагуулах эсэх, Оюутолгой ХХК-аас ашиг авч чадахгүй байгаа хэрнээ нэмж “Онтре” ХХК-ийн лизензийг шилжүүлэх нь зөв эсэх талаар,
Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн хэлэлцэж буй асуудлыг Засгийн газар мэдэж байсан эсэх, хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгосон шийдвэрт Засгийн газар яагаад хяналт тавиагүй талаар,
Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга Оюутолгой төслийн гэрээ байгуулагдаж байх үед энэ асуудлыг нууцалсан эсэх, эдгээр лицензийн асуудлыг шийдвэрлэхдээ Оюутолгойн гэрээ шиг зүйл болгохгүй байх зэрэг асуудлыг хөндөж асуусан юм.
Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал “Онтре” ХХК-ийн лизензүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тооцогдохгүй гэдэг дээр хатуу зогсох ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, мэдээллийг ил тод, нээлттэй болгох үүднээс Оюутолгой ХХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах шаардлагатай гэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар энэ асуудлаар Засгийн газар олон улсын хөндлөнгийн бие даасан шинжээчийн дүгнэлт гаргуулсан эсэх, ашгийн дийлэнхийг Монголын ард түмэн эзэмших талаарх Үндсэн хуулийн заалтыг хэрхэн хангах, Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд гэрээ байгуулж байх үед Оюутолгойн нөөц тогтоогдсон байсан эсэх, лицензүүдээр ямар эрх олгогдож байгаа болон Онтре ХХК-тай байгуулах гэрээнд Монголын тал санхүүгийн хариуцлага хүлээхгүй талаар тодорхой тусгах эсэхийг асуув.
Тэрбээр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Онтре ХХК-ийн эзэмшиж байгаа талбайнууд хамаарахгүй биз дээ гэсэн тов тодорхой асуулт тавихад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хамаарахгүй гэсэн хариулт өгөв. Засгийн газар Онтре ХХК-ийн лицензүүдийн асуудлаар шинээр сайн гэрээ байгуулж алдаагаа засах алтан боломж олдож байна хэмээн Байнгын хорооны дарга онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүдэд өгсөн хариултдаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Оюутолгойн гүний уурхайн туннелийн байгууламж Онтре ХХК-ийн лицензтэй талбайн хилд тулаад ирчихсэн тул асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолж, Оюутолгой ХХК болон Рио Тинто компаниуд энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол гүний уурхайн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, чиглэлийг өөрчлөхөд хүрэх бөгөөд ингэснээр Монгол Улсын өгөөж хүртэх хугацаа улам хойшилно гэсэн асуудал тавьж байгааг мэдээлэв.
Засгийн газар стратегийн ордуудын хил хязгаарыг бүрэн тогтоож дууссан гэдгийг тэрбээр хэлж, Оюутолгойн бүлэг ордод Онтре ХХК-ийн лицензтэй талбайг хамааруулсны дагуу тус компанийн 34.0 хувийг тогтоох асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал хариуцан ажиллаж байгааг танилцууллаа. Гэхдээ үүнийг бие даан шийдэрлэх эрх Засгийн газарт байхгүй тул Улсын Их Хуралд ойрын хугацаанд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ гэсэн юм.
Мөн Оюутолгой ХХК болон Онтре ХХК-ийн лизензтэй талбайнуудад байгаа хүдрийн биет нь нэг цул бөгөөд доороос нь блоклон унагах технологиор олборлож буй тул хүдэр лицензийн хил хязгаараар зааглагдахгүй бүтнээрээ унана гэсэн тайлбарыг сайд нарийвчлан хийж, Жавхлант орд бол Хойд Хюго ордын, Шивээ толгой орд Херуга ордын үргэлжлэл учир салгаж ойлгох боломжгүй гэлээ.
Улсын Их Хурал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) шийдвэр гаргаж, лицензүүдийг шилжүүлнэ гэдгийг тэрбээр хэлж, Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниудын харилцан тохиролцсон 80, 20 хувь гэх харьцааны тухайд Оюутолгой ХХК-д ноогдох 80.0 хувийн 34.0 хувь нь одоо эзэмшиж байгаа хувьцаагаар Монголын талд ирнэ,
харин Онтре ХХК-д оногдох 20.0 хувийн 34.0 хувийг авах уу, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ)-өөр орлуулах уу гэдгийг Улсын Их Хурал шийдвэрлэснээр Үндсэн хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай гэлээ.
Мөн Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд тухайн үед нэгэн зэрэг шахам хайгуулын лицензүүдээ авсан талаар Ц.Туваан сайд дурдаж, улмаар ашиглалтын лиценз болгосон зэрэг үйл явц тухай тухайн үеийнхээ хууль, журмын дагуу явагдсан гэдгийг тайлбарласан юм.
Хэлэлцэж буй асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариулт өгсний дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга: Рио Тинто компани 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд дурдагдсан учраас Онтре ХХК-ийн тусгай зөвшөөрлүүд тус гэрээнд хамрагдана гэж үзэж байгаа юм байна.
Тэгээд Улсын Их Хурлаар оруулахгүй байх байр сууриа илэрхийлсэн боловч манай Засгийн газар Оюутолгойн бүлэг ордын хил заагийг тогтоосноор энэ асуудлыг парламентаар хэлэлцүүлэхээр болсон байна. Тэр үед асуудлыг тодорхой ярилцах боломж бүрдэнэ гэж бодож байна.
Нэг зүйлийг хэрэг болгож хэлэхэд, олон улсын арбитр дээр очиж, шийдэрлэгдэж байгаа манай улстай холбоотой бүхий л хэргүүд уул уурхайн төслүүдтэй холбоотой байгаа юм. Энэ бол маш харамсалтай зүйл. Тэгэхээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, Ашигт малтмалын тухай хуулиа яаж сайжруулах шаардлагатай вэ гэдэг дээр салбарын яам идэвхтэй ажиллана байх гэж найдаж байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Замира: Стратегийн ач холбогдол бүхий ордын 34.0 хувийг эзэмших асуудлаа шийдэхээс бусдаар аж ахуйн нэгжүүдийн дотоод асуудалд улс оролцох ёсгүй. Үлдсэн 66 хувиа 80, 20-оор хуваана уу, яаж шийднэ тэдний дотоод асуудал байх учиртай. Үүнийг тодорхой хуульчилж, цэгцэлж авах нь зүйтэй.
Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан: Бид өмнө нь алдаа хийж байсан, дахин давтах вий. Өнөөдөр гэхэд л Уул уурхайн биржийн тухай хуулиа дахин засаад сууж байна. Тухайн үед одоо 40 их наядын луйвар гарлаа, нүүрсний хулгайчдыг бөөн бөөнөөр нь баривчиллаа, мундаг хууль гарлаа гээд л явсан.
Монгол, Францын хамтарсан ураны гэрээг бас магтаж, Засгийн газар урагшаа том алхлаа гэсэн. Одоо энэ Оюутолгойгоос том ордынхоо хувийг АМНАТТ-өөр орлууллаа, барилаа гээд бүрээ бөмбөр нүдээд давхичих вий дээ. Юмыг сайн шалгаж, ул суурьтай нягталмаар байна.
Энэ Онтре ХХК-гийн асуудлыг Оюутолгойн гэрээний хэрэгжилттэй хамтруулан шалгах ажлын хэсэг байгуулъя гэсэн санал оруулж байна. Тэгэхгүй бол энэ гэрээг зүгээр нэг пи ар болгоод явчих вий гэсэн айдас байна. Эдийн засгийн байдал хүндрэхээр, эсвэл улс төрийн нөхцөл байдал хүндрэхээр нэг томхон юмыг оруулж ирээд гялалзтал аваад явдаг, түүнийгээ улс орны хэмжээний гайхамшигтай ажил сурталчилдаг явдлаас айж, болгоомжилж байна.
Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн: Байнгын хорооноос энэ асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргах ёстой гэж үзэж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг анх Монгол газар ХХК-д олгосон нь хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулах шаардлагатай.
Мөн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Шивээтолгой, Жавхлант гэх нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон шийдвэр Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө гарсан уу, хойно гарсан уу гэдгийг тодруулж, мөн хуулийн дагуу шийдэгдсэн эсэхийг нягтлах, ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох хүртэлх найман жилийн хугацаанд Онтре ХХК хайгуул хийсэн эсэхийг хянах шаардлагатай.
Тухайн хоёр аж ахуйн нэгж хоорондоо “Ашиг хуваах гэрээ”, “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн үү гэдгийг нягтлах шаардлага мөн байна. Оюутолгой ХХК зэргэлдээ байгаа компанийхаа лицензийг түүгээрээ тохиролцож шилжүүлж аваад өмнө байгулсан гэрээнийхээ үйлчлэлд дур мэдэ хамруулчихаж болох юм уу?
Тусгай зөвшөөрөл, лицензийнхээ асуудлыг Монголын төр мэдэх юм уу, үгүй юм уу? Бусад стратегийн ач холбогдол бүхий бүлэг ордуудын эргэн тойронд ийм зөрчлүүд байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, олон нийтийн мэдэх эрхийг хангамаар байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат: Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангаж байгаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хамт олон, бодлогын асуудлыг танилцуулж байгаа Ц.Туваан сайдад талархал илэрхийлье. Уул уурхайн салбарыг ойлгохгүй, уурхайчид яаж ажилладаг, олборлолт хэрхэн явагддагийг мэдэхгүй хэрнээ улс төржих нь хортой.
Энэ асуудалд Монгол Улсынхаа эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой шүү гэдгийг салбарын яам, мэргэжилтнүүддээ захья. Монгол Улс хуулийн дагуу Онтре ХХК-ийн лицензийн 100 хувиас 34 хувиа авна. Нэг бол өсөн нэмэгдэх АМНАТТ-өөр орлуулж, шууд татвар, төлбөрөө авна гэсэн байр суурь дээр хатуу байх ёстой. Улс төрийн сэдэв болгож болохгүй.
Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга: Оюутолгой гэрээ байгуулагдаж байх үед Онтре ХХК тухайн лицензийн талбай дээрээ хайгуул хийгээгүй байсан гэж танилцуулж байна. Тэгэхээр Онтре ХХК ямар ч зардал гаргахгүй байж байгаад баялгийн 20.0 хувийн ашгийг авах хэлцэл явсан байна. Үүнийг нэлээн нарийн авч үзэж, бүх асуудлыг цоо шинээр, 100 хувиар эдгээр лиценз дээр эхлүүлэх боломж байна гэж харж байна. Энэ нөхцөл байдлыг нарийн дүгнэж, Засгийн газар ухаанаа уралдуулж ажиллаасай гэж хүсэж байна.
Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал: Арбитрын шүүхийн шийдвэр гарсан. Энэ цаг хугацаанд Монголын тал цаг алдалгүй хувь хэмжээг хэрхэх вэ гэдгээ ойлгомжтой болгох ёстой. Монголын тал асуудлаа шийдсэнээр оролцогч бүх талуудын олон жил ужгирч, эрсдэлд тооцогдож байсан асуудлууд нэг мөсөн шийдэгдээд явах боломж бүрдэх юм.
Тийм учраас бид асуудлаа шийдчихвэл гурван талын харилцаа маш ойлгомжтой болоод, цааш харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөх боломж нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Асуудлыг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульдаа нийцүүлэн иж бүрнээр шийдчихмээр байна. Оюутолгой ХХК-ийн татварын маргааныг ч мөн цогцоор нь шийдээд урагшилмаар байна.
Энэ татварын маргаанаар бид 1.3 их наяд төгрөгийн татварын алданги ноогдуулсан. Гэтэл жилийн өмнө Оюутолгой ХХК Сингапурын Монгол Улсад давхар татварын гэрээтэй компани руу бүх өр төлбөрийн зүйлээ шилжүүлсэн байгаа юм. Тус компани давхар татварын гэрээтэй учраас бид дахиад татварын маргаан гаргах боломжгүй болж, хаагдах эрсдэл дагуулж байгаа юм.
Энэ алдааг бид давтаж болохгүй. Тэгэхээр Оюутолгойтой холбоотой бүх асуудлуудыг Засгийн газар цогцоор нь Улсын Их Хуралд оруулж ирэх нь зүйтэй. Онтре ХХК-ийн хоёр лицензийн талаар Засгийн газр Үндсэн хуулийн 6.2 болон Ашигт малтмалын хуулийн 5.3, 5.5-д заасны дагуу шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах юм байна гэж ойлголоо.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар: Онтре Гоулд компанийн асуудлаар удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. Оюутолгой ХХК 80.0 хувийг нь Хөрөнгө оруулалтын гэрээндээ хамруулна гэж удаа дараа мэдэгдээд байхад салбарын яам дуугүй байна. Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.
Энэ асуудал төрийн нууцад авагдаагүй учир нээлттэй ярих ёстой. Жишээ нь, ордыг ашиглах 2010 оны ТЭЗҮ-ийн нэгдүгээр бүлгийн 106 дугаар хуудсанд, Монголын тал 34.0 хувьдаа ямар ч санхүүгийн хариуцлага үүрэхгүй, ямар ч хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэдгийг албан ёсоор бичсэн байгаа шүү.
Яамныхан түүнийг нарийвчилж хараарай. Түүнчлэн бие даасан, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг гаргуулж, тэр дүгнэлтээ тойрч ярилцах шаардлагатай. Одоо хэдүүлээ туршлагатай болсон, Монголынхоо талд нааштай шийдвэр гаргана аа гэж би итгэж байна.
Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Онтре ХХК-ийн эзэмшиж буй лицензүүдийн талаарх уг асуудлыг хянан шалгах Байнгын ажлын хэсэг байгуулах тухай Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалангийн саналыг хэлэлцсэн юм.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга горимын санал гаргаж, зөвхөн Онтре ХХК-ийн лицензүүдийг бус ийм байдлаар хэсэгчлэн хувааж хуваарилсан бүх тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэн шалгах шаардлагатай тул хойшлуулж, иж бүрнээс авч хэлэлцэх нь зүйтэй гэлээ. Түүний горимын саналыг дэмжиж Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан саналаа татлаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх дараагийн мэдээллийг хийв.
Тэрбээр мэдээлэлдээ, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулах, нутгийн захиргааны байгууллагатай хамтран олон нийтийн хэлэлцүүлэг явуулах, олон нийтийн хяналт тавих, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зэрэг үйл ажиллагааг тус зүйлд хуульчилсан талаар танилцууллаа. Хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийг уулын ажлын тайлангаар дүгнэж ажилладаг талаар тэрбээр дурдаад,
2023 оны байдлаар Монгол Улсын 21 аймагт олборлолт явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс уулын ажлын нийт 211 тайлан ирүүлсэн болон эдгээрийн 173 нь дээрх зүйлд заасны дагуу нутгийн захиргааны байгууллагатай байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх гэрээг байгуулан ажиллаж байгааг мэдээлэв. Эдгээр гэрээний биелэлт дунджаар 95.7 хувьтай байгаа ажээ.
Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, аймгуудын Засаг дарга нартай 42 дугаар зүйлд заасны дагуу эрдэс баялгийн салбарт мөрдөгдөж байгаа төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажиллах, үйл ажиллагааны уялдааг хангах, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар гэрээ байгуулж, хэрэгжилтийг жил бүр дүгнэдэг байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, М.Бадамсүрэн, П.Мөнхтулга, Д.Жаргалсайхан, С.Ганбаатар, С.Замира, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон сумд болон аймгийн удирдлагууд намчирхаж, харилцан эрх ашгаа хохироох явдал байгааг шалгаж нягтлах, цэгцлэх, шаардлагатай бол
хуулийн 42.1 дэх хэсгийг илүү дэлгэрэнгүй, тодорхой болгож өөрчлөх, нутгийн захиргааны болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төсвийн эрх мэдлийг бэхжүүлэх, сумдын Засаг даргын эрх зүйн байдлыг дээшлүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулдаг болгох, мөн гэрээний зохицуулалтыг тодорхой болгох, www.geree.mn сайтыг олон нийтэд сурталчлах ажлыг эрчимжүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж ярьсан юм.
Мөн уулын ажлын тайланг дүгнэхдээ гүйцэтгэлийг хэрхэн дүгнэж байгаа, ард иргэдийн саналыг сонсохоо больсон зохицуулалтыг засаж сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хийдүүлж болзошгүй нөхцөлд хөндлөнгийн хяналт тавьж, асуудлыг шударгаар шийдвэрлэх эрх зүйн боломжийг нээх, хуулиас давсан журмаар дуудлага худалдаагаар олгосон хайгуулын лицензүүдийг цуцалж, дуудлага худалдааг зогсоох,
малчдын олон үеэрээ нутаглаж ирсэн өвөлжөө, хаваржаа, бэлчээр нутагт тусгай зөвшөөрөл олгосны нөхөн төлбөрийг олгох, багийн иргэдийн Нийтийн хурлаас санал авдаг байх зэрэг тодорхой асуудлыг жишээ баримтаар дурдаж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон ажлын хэсгийн гишүүдээс тодорхой хариулт авлаа.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд АМНАТ-ийн тодорхой хувийг нөлөөллийн бүсэд байгаа айл өрхүүдэд олгодог байх, нөлөөллийн бүсийг байгалийн бүс бүслүүрийн онцлогт тохируулан тодорхой тогтоох, гэрээг нэг талаас аймаг, сумын Засаг дарга, нөгөө талаас тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, төлөөллийн удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх удирдлага гэж байгуулахаар,
мөн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хяналтыг сайжруулахаар тодорхой хуульчлах, хандив тусламжийг хөрөнгийг юунд зарцуулахыг нэгбүрчлэн зааж өгөх, нутгийн захиргааны байгууллага болон иргэдийг талцуулсан хоёрдмол зохицуулалтуудыг засах шаардлагатай хэлж байлаа.
Байнгын хорооны дарга С.Ганбаатар манай улсад нийт 2740 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 173 эзэмшигчийн 147 гэрээ дүгнэгдсэн байгаа нь хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хариуцлагыг чангатгаж ажиллахыг зөвлөв.
Түүнчлэн уул уурхайн төслүүд орон нутаг, ард иргэдэд ямар ч өгөөжгүй байдаг тул зогсоох хүсэлт их ирүүлж байгааг тэрбээр дурдаад, газрын хэвлийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасныг сануулан, иргэдтэй гэрээ байгуулдаг харилцаанд шилжих, гэрээг олон нийтэд ил тод, нээлттэй байлгахад анхаарч ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонссонтой холбогдуулан Ашигт малтмалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 42 дугаар зүйлийн биелэлтийг хангуулах болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай хэрхэн харьцаж байгаа асуудлын талаар холбогдох санал дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлагдсан тооцов. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Замира, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, Б.Уянга, М.Бадамсүрэн, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга, Х.Жангабыл, О.Батнайрамдал нар ажиллахаар боллоо.
Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт машин цогцолбор” үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн яамны мэдээллийг сонсов. Мэдээллийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцууллаа.
Тэрбээр, Засгийн газар металлурги, машин механизм, газрын тос, нүүрс боловсруулах болон химийн үйлдвэрийг хөгжүүлэн, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар хүнд үйлдвэрийн салбараас эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж буйг дурдаад,
уг хөтөлбөрт тусгагдсан үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, металл хийц, машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний кластерыг хөгжүүлэх зорилгоор Зам, тээврийн яам, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) хамтран ажиллаж байгааг онцлов. “Эрдэнэт машин цогцолбор” байгуулах ТЭЗҮ-ийг мэргэжлийн байгууллага боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлсэн байна.
Төслийн хүрээнд 1-10 тонн хүртэл даацтай ачааны автомашин, бүх төрлийн автобус, ачааны вагон үйлдвэрлэх бөгөөд үйлдвэр байгуулагдсанаар ачааны автомашины зах зээлийн 5.0 хувь, ачааны хагас вагон болон автобусны зах зээлийн эрэлтийн 50.0 хувийг хангах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.
Үйлдвэр байгуулах төсөл хэрэгжсэнээр нийт 1113 байнгын ажлын байр бий болж, Монгол Улсын ачаа тээврийн багтаамж, эргэлтийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээний ачааны вагон, зорчигч тээвэрт үүсээд байгаа хүндрэлийг арилгахад томоохон түлхэц болно гэж яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэлдээ дурдав.
Зам, тээврийн яамны мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Д.Батлут, Д.Жаргалсайхан, Б.Тулга нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, төрөөс үзүүлэх дэмжлэг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагаа, шаардлагатай байгаа эрх зүйн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны талаар асууж, уялдаатай, үр дүнтэй ажиллахыг зөвлөсөн юм.
Үүний дараа Байнгын хорооны энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаар байгуулсан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг ахлагчтай Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөцийн зөв зохистой ашиглалт, усны ашиглах боломжит нөөц, ус хэрэглээний хэтийн төлөв, ус ашигласны болон ус бохирдуулсны үнэ, төлбөр, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамжийг баталж тогтоол гаргалаа.
Тогтоолоор, ажлын хэсгийн танилцуулга, санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бэлтгэж хэлэлцүүлэх, мөн тогтоолын биелэлтийг Аж үйлдвэрийн бодлогын байнгын хороонд Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг үүрэг болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.188.147] 2025-04-17 21:08:57
Манай 3-4 удаа сонгогдсон эх оронч гишүүд хаана байна Тэдний манлайлах мх мэдэмхийрч эх орондоо хайртайгаа харуулах цаг шүү
Р Жаргал [66.181.188.147] 2025-04-17 13:36:45
Маш чухал асуудалд манай хуучин архаг гишүүд амаа тас хазан дуугүй байгааг юу гэж ойлгож байна Бид энэ нөхдүүд эсрэг талд ажиллан санал худалдана шүү гэж анхааруулья