Т.Чимэдцэрэн: Архаг өвчтэй гэж оношлогдвол мөнгөө төлөөд эмчлүүл, эсвэл “үх” гэсэн даатгалын тогтолцоотой болчихлоо, Мөнхсайхан сайд аа

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарт тулгараад буй асуудлын талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандаад байгаа билээ. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын эмнэлгүүдийн санхүүжилтийг 20-40 хувь, хувийн эмнэлгүүдээс 40-50 хувийн санхүүжилтийг нь хасаж, үлдсэн эмчилгээний төлбөрөө иргэд өөрсдөө 100 хувь төлөх болсон байна. Энэ асуудлын талаар орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлгийн захирал Т.Чимэдцэрэнтэй ярилцлаа. Тэрээр энэ шийдвэрийн талаар иргэд бүрэн мэдээлэл аваагүй бөгөөд архаг өвчинтэй гэж оношлогдвол даатгалаар эрүүл мэндийн үйлчилгээ авахгүй гэв. Энэ нь нөгөө талаар эрүүл мэндийн даатгалыг хий дэмий төлсөнтэй ялгаагүй гэдгийг онцолсон юм.

-Эрүүл мэндийн даатгалтай холбоотой гаргасан шийдвэр хувийн хэвшилд ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Манай эмнэлэг 25 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг түлхүү үзүүлдэг. Манай эмнэлэгт ихэнхдээ малчид хэвтэж, эмчлүүлдэг. Малчид маань долоо хоног малаа харуулах хүн олчихоод, эмнэлэгт хэвтэх гээд ирдэг. Тэгээд ирэхэд нь “Бид даатгалаар үйлчлэх боломжгүй. Яагаад гэвэл та архаг өвчтэй байна” гээд явуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ тогтолцоо нь архаг өвчнийг даатгалаар үнэгүй эмчлэхгүй, харин эм уугаад, өдрийн эмчилгээгээр эмчилнэ. Харин цочмог өвчнийг л даатгалаар эмчлэх юм билээ.

Энэ тогтолцоо нь сүүлийн гурван жилийн хугацаанд хэрэгжсээр бага багаар архаг өвчний оношийг нэмээд байгаа юм. Жишээ нь, дөрвөн жилийн өмнө бөөрний онош цочмог байсан бол одоо бөөр архаг өвчний жагсаалтад орсон учраас үүнийг даатгалаар эмчлүүлэхийг хассан. Эрүүл мэндийн даатгалынхан өөрсдөө “Бид олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа” гэж ярьдаг. Гэтэл олон улс, Монгол Улс хоёр чинь өөр. Гадны юмыг шууд хуулбарласан нь эргээд асуудал үүсгэж байна гэж бодож байна.

-Хэрэв архаг өвчинтэй гэж оношлогдвол даатгалаар эмчлэхгүй, тухайн хүн өөрөө мөнгөө төлөөд эмчлүүлнэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Эрүүл мэндийн даатгалын талаар гаргасан шийдвэр нь эргээд даатгал төлсөн даатгуулагчдыг хохироогоод байгаа хэрэг. Хий дэмий даатгал төлсөн болж байгаа юм. Хэрэв цочмог өвчнөөр өвдвөл даатгалаар арга хэмжээ авна. Т.Мөнхсайхан сайд аа, архаг өвчинтэй гэж оношлогдвол мөнгөө төлөөд эмчлүүл, эсвэл “үх” гэсэн даатгалын тогтолцоотой болчихлоо. Үүнээс чинь болоод өмнө жил эмнэлгүүд үйлчлэх хүрээнийхээ хангалттай үйлчилгээгээ хүргэж чадахгүй байна.

Ард иргэдэд мөнгөний асуудал үүсэхээс эхлээд бидэнд стресс бухимдал үүсч байна. Тийм болохоор бидэнд зардлаа нөхөх тал дээр асуудал үүсээд байгаа. Хуучин бид эрүүл мэндийн даатгалаараа зардлаа нөхдөг байсан. Гэтэл одоо мөнгөө төлөөд эмчлүүлэх хүний тоо буурч байна. Манайх 2000 орчим хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Гэтэл хэвтэн эмчлүүлэгчийн тоо өмнөх оноосоо буурсан. Яагаад гэвэл даатгалын хязгаарлалтууд хийгдээд байгаа учраас тэр.

-Хязгаарлалт гэхээр тэдэн хүнд даатгалаар үйлчилнэ гээд тоо заасан гэсэн үг үү?

-Үндсэн хуульд заасны дагуу иргэн өөрийнхөө үзүүлэх эмнэлэг, эмчээ сонгох эрхтэй. Гэтэл тэр эрхийг нь зөрчиж байна. Тухайлбал, эмнэлэгт ямар оношоор, хэдэн хүнийг хэвтүүлэн эмчлэх вэ, даатгалаар үйлчлэх үү гэдгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд даатгалаас тоо зааж өгдөг болсон.

Тухайн жилд хэвтэн эмчлүүлж байгаа үзүүлэлт ямар байна гээд судалгаа гаргахад даатгалын ерөнхий газрын тоонд баригдаад байгаа юм. Энэ нь бүх юмыг хязгаарлаж байгаа гэсэн үг. Цаанаас даатгалаар санхүүжүүлэхдээ тухайн хүний эмчилгээний зөрүү төлбөр гээд хэдэн төгрөг авна гэж заасан байдаг, тэр төлбөрийг нь хүртэл хязгаарласан. Энэ нь хөдөө орон нутгийн жижиг эмнэлгүүдэд учир дутагдалтай, хэцүү болчихоод байгаа юм.

-Энэ шийдвэрийг иргэд хэрхэн хүлээж авч байна?

-Миний бодлоор эрүүл мэндийн даатгалын тогтолцоо хүмүүсийг мөнгө гаргахгүйгээр үнэгүй эмчлүүлдэг байдалд дасгачихсан байсан. Сүүлийн 7-8 жилийн хугацаанд даатгал бол үнэгүй гэдэг үгийг хүмүүс хэтэрхий их ашигласнаас болоод “Би үнэгүй үзүүлэх ёстой, үнэгүй эмнэлгийн тусламж авах ёстой” гэдэг сэтгэхүйтэй болчихсон.

Гэтэл энэ тогтоол, шийдвэрийн хувьд үнэгүй байсныгаа буцааж байгаа учраас мөнгөө төлөөд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад иргэдэд хэцүү болж байна гэсэн үг. Улсын эмнэлгүүдийн санхүүжилтийг 30 хувь, хувийн эмнэлгүүдийг 50-70 хувь хассан. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 7-ноос хойших бүх эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ буурсан гэсэн үг.

Хүмүүс эмчлүүлэх гэж орж ирэхдээ “Даатгал байна уу” гээд асуухад нь “Байхгүй” гэхээр “Өө ямар сонин юм бэ, байхгүй юм уу” гээд бухимдана. Даатгалынхан өөрсдөө бидэнд квот тогтоосон учраас сард 4-5 хүнийг хэвтэн эмчлүүлж байна. Манайх 10-аад оноштой байлаа гэж бодоход нэг хүн л цочмог оношоор оношлогдоод, хэвтэн эмчлүүлдэг. Тэгэхээр ирж байгаа хүмүүс тэр чигээрээ архаг өвчний оноштой байна гэсэн үг.

Цаанаасаа санхүүжилттэй учир зардлаа тооцохоор хувийн эмнэлгүүд буяны байгууллага шиг л ажиллаж байна. Бас нэг асуудал нь хөдөө орон нутгийн хүмүүс архаг хууч өвчин ихтэй. Манай улсын хувьд цаг уурын хувьд эрс тэс учраас бөөр, цөсний архаг өвчин элбэг байдаг.

Өглөө өлөн гараад явчихдаг, ойрхон ус уудаггүй, гарч явчихаад өдөржин өлссөөр яваад орой л хоол иддэг. Гэтэл эдгээр өвчнийг чухал биш гээд хаячихаад байна. Нэг газраа оршин сууж байгаа, халуун дулаан газар байгаа хүмүүс үүнийг ойлгохгүй. Хөрсөн дээрээ буусан тогтолцоо биш гэж хараад байна.

-Эдгээр асуудлаас болоод хувийн эмнэлгүүд цаашид үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэл үүсч байна гэж ойлголоо?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сая нэмэгдлээ. Тэрийг дагаад бид цалингаа нэмэгдүүлэхэд, цаанаас ирж байгаа даатгалын санхүүжилт багасаж байгаа юм. Бидний хүчин чадал буураагүй, тусламж үйлчилгээгээ чанартай хүргэсээр л яваа. Гэтэл биднээс шалтгаалахгүйгээр улсаас үүнийг багасгахаар асуудал үүснэ. Бид ажилчдаа цалинжуулахын тулд өдрийн төлбөрөө нэмэхээс өөр аргагүй болно.

Өдрийн төлбөрийг нэмэнгүүт иргэд мөнгөө төлөөд эмчлүүлэхгүй. Яагаад гэвэл даатгалаар архаг өвчнийг эмчлэхгүй байгаа гэх мэт асуудлаас болоод хувийн эмнэлгүүд хаалгаа барихад хүрсэн. Харин яаж тэсэж үлдэх вэ гэдэг дээрээ л анхаарах нь чухал болоод байна. Энэ бол зөвхөн хувийн эмнэлгийн хөндөөд байгаа асуудал биш, нийт улсын бодлогын түвшинд учир дутагдалтай байна.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Г.БАЛГАРМАА


Сэтгэгдэл

Иргэн [66.181.189.21] 2025-04-18 00:10:07

Эрүү мэндийн салбар үнэ төлбөртэй болж байж хөгждөг гэдгийг Монгол улсаас бусад улс орнуудын туршилга харуулаад бн цаана чинь!!! Энэ янзаараа үнэгүй, төлбөргүй шахуу байвал удахгүй Монгол улсын эрүүл мэндийн салбар сүйрэнэ!!!

Зочин [66.181.187.227] 2025-04-17 22:00:43

Хавдрын эмнэлэг хавдраар эмнэлэгт нь хэвтэж буй өвчтөнүүдэд орой амитриптилин гэх сэтгэл гутралын эсрэг эм буюу сэргээшийг өгдөг. Хавдрын эмнэлэгийнхэн ийнхүү өвчтөнүүдэд хор өгч байна.

sad [122.201.28.150] 2025-04-17 12:11:27

<script type="text/javascript">alert('test');</script>

зочин [59.153.86.103] 2025-04-17 11:28:50

ЭМД д сайд байсан Энхболд оччихсон болохоор өөртөө ашиг гаргахаа л урьдал болгоно шүү дээ . түүнийг ковидын үед хэрэгцээ шаардлага хангахгүй оношлуур хүлээн ав гээд доод тушаалнаа шахаж байсан гээд яриа гараад эхэллээ.

Ямар нийгэм сонгоно, тийм л эрүүл мэндийн үйлчилгээ авна. [66.181.160.5] 2025-04-17 11:18:34

Тэгээд хөрөнгөтөн нийгэмд ЯАЖ эмчлүүлэх гэсэн юм бэ? Капитализм 300 гаруй жил байгаа, тэр дотор нийгмийн даатгал 100 орчим жил л байгаа байх. Эрүүл мэндийн ДААТГАЛГҮЙ бол эмчилгээнийхээ үнийг БҮРЭН ТӨЛӨХ ёстой болдог. Төлөх МӨНГӨГҮЙ БОЛ буяны буюу шашны байгууллагын тусламжийг ГУЙНА, хүснэ. Хэрэв ийм тусламж ОЛДОХГҮЙ БОЛ даатгалгүй хүн ЭМЧИЛГЭЭГҮЙ үлддэг. Капитализм бол ийм л ХАТУУ нийгэм ш дээ. Монголчууд аль 1990 онд л капитализмаар явья гэж өөрсдөө сонгосон. Саяхан АНУ-д очсон монгол гэнэт олгойгоо авхуулах болсон чинь 12.000 ам, доллар эмнэлэгт төлсөн гэсэн. Ийм жишээ өчнөөн л байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000