“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд гутал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Ерөнхийлөгч эхлээд Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутагт байрлах “Миний гутал” ХХК-д очлоо.

Тус компани 2011 онд гутал засвар ажиллуулж байсан бол өдгөө өдөрт Yurdi брэндийн 200 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй болжээ.

Одоо 32 ажилтантай, 21 аймагт гэрээт борлуулагчтай бөгөөд өнгөрсөн жил 42 мянган хос гутал үйлдвэрлэсэн байна.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 600 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авснаар үйлдвэрээ өргөтгөх, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн тухай захирал Э.Түвшинтулга танилцууллаа.

Цаашид тоног төхөөрөмжийн зээл авч 2027 оноос өдөрт 400 хос гутал үйлдвэрлэн, 30 гаруй ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Өндөр уртын буян” ХХК-д ажиллалаа.

Тус компани 45 ажилтантай. Өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын зээл авч, улсдаа анхны шууд уллагааны үйлдвэртэй болсон. Одоогоор өдөрт “Батур” брэндийн, ихэвчлэн ажлын 800 хос гутал үйлдвэрлэж байна.

Цаашид “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн зээл авч, 2028 он гэхэд өдөрт 1,600 хос гутал үйлдвэрлэх зорилт тавьжээ.

“Миний гутал”, “Өндөр уртын буян” ХХК дотоодын үйлдвэрүүдэд боловсруулсан арьс, ширээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамтран ажилладаг юм байна.

Үндэсний үйлдвэрлэгчид зах зээлийн тодорхой хувийг хангаж, улмаар экспортод гаргах боломжтой. Цаашид зээл, татварын бодлогоор улам илүү дэмжих, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, ажиллах хүчин бэлтгэхэд анхаарах шаардлагатайг компанийн удирдлагууд ярилаа.

Мөн “Цагаан алт” үндэсний хөтөлбөр 2028 онд хэрэгжиж дуусах хэдий ч, цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 69 төвд 40 гаруй мянган залуу суралцдагийн ердөө 77 нь гутал үйлдвэрлэлийн чиглэлээр суралцдаг. Иймээс цаашид “суралцангаа ажиллах, ажиллангаа суралцах” нөхцөл бүрдүүлж, 6 сараас 1 жилийн хугацаанд сургаж, бэлтгэхийг зорьж байгаа тухай Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.

Энэ жил “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд арилжааны 10 банк аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 489 тэрбум төгрөг олгож, дээрх хоёр зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулна.

Үндэсний үйлдвэрлэгчид жилд нэг сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоёр саяд хүргэх зорилт тавьжээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN


Сэтгэгдэл

Энхэа [66.181.188.65] 2025-04-21 17:50:00

Сайхан л гутал үйлдвэрлэж байгаа юм биш үү? Ажлын гутлыг нь аж ахуйн нэгж байгууллагууд байнга аваад байвал зүгээр дээ. Гол нь чанар сайн байх л хэрэгтэй. Манайхан өөрсдийн хийж байгаа зүйлээ голдог муу хэлдэг муухай зантай даа. Амжилт хүсьё

Зочин [86.85.55.114] 2025-04-18 17:04:16

Өөрсдөө хийж байгаа нь овоо доо. Дээр үед Туркууд арьс шир боловсруулах үйлдвэр барина гэж бөөн хошгируулаад буцсан хахаха

Зочин [202.9.46.47] 2025-04-18 14:50:49

Коммунист төлөвлөлт гэж энэ дээ. Социализмийн үед Монголд үйлдвэрлэсэн 2.0 сая гаруй хос гутлыг хэн чех тоож тоохгүй, хог дээр хаяж чадахгүй, 3-хана төгрөгөөр зараад ч борлож өгөхгүй хаяж байсан үе давтагдах нь ээ махан толгойтой МАН-чуудаа ...

Зочин [59.153.112.44] 2025-04-19 16:56:37

Наяад оны эхээр хоёр төгрөгний шөвгөр хар гутал дэлгүүрт зарж байсныг санаж байна. Манай байрны хүүхдүүд авч өмсөөд, хоёр төгрөгний шөөвкө гээд л нэрлэчихсэн байж билээ. Гэхдээ тэр гуталны ул нь их нимгэн, аймаар хальтирна, тэгээд аюгүй хатуу учир гурав хоног чирээд л хаясан дөө.

Зочин [66.181.187.156] 2025-04-18 14:34:38

ЦЭВЭР ШИРЭН ТҮҮХИЙ ЭД МОНГОЛД ХАНГАЛТТАЙ ТУЛ АРЬС БОЛОВСРУУЛЖ ЦЭВЭР ШРЭЭР Л ГУТАЛ ХИЙГЭЭРЭЙ, ДАЙВАР МУУХАЙ ЛИДРИН ЭНД ТЭНД НЬ ОРУУЛЖ ГУТААХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ. НЭГ ХЭСЭГХЭНД Л ЛИДРИН ОРУУЛАХАД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНШ НАВС УНАДАГ ШҮҮДЭЭ. ЦААШИД ФИРМИЙН ГУТАЛ ХИЙХ ЭХЛЭЛ ТАВЬЖ МОНГОЛ ГУТАЛ БРЭНД БИЙ БОЛГООРОЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЭЭ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000