Цагдаагийн ахмад Э.Энхзаяа: “Юань шилжүүлнэ” гэсэн залилан телеграмд их үйлдэгдэж байна

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяатай цахим залилангийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Цахим залилангийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 14.416 гэмт хэрэг гарсан. Үүнээс 4466 буюу 31 хувийг нь залилах гэмт хэрэг эзэлж байгаа юм. Мөн 3386 хэрэг цахим орчинд үйлдэгдсэний 86.1 хувь нь залилах гэмт хэрэг байна.
Залилах гэмт хэргийн онцлог нь хохирлын хэмжээ шаарддаггүй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээллээс харахад залилах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн дийлэнх нь 18-24 насны иргэд байна. Хэрэв энэ гэмт хэргийг үйлдэхдээ бусдын цахим мэдээлэлд хууль бусаар халдсан бол хувь хүний цахим мэдээллийн аюулгүй байдалд халдсан үйлдэлд нь ч мөн хариуцлага оногдуулдаг. Сонирхуулахад, цахим залилан нь гахайн мах нядлах гэсэн хятад хэлц үгнээс гаралтай хэрэг. Гахайг хүнсэнд хэрэглэхийн тулд өсгөж, тэжээдэгтэй яг адил арга, зарчмаар явагдаж байгаа учраас ингэж нэрлэсэн. Энэ гэмт хэрэг хар тамхины хууль бус наймаанаас илүү их ашиг орлого олж байгаагаараа дэлхий нийтийн хууль сахиулах байгууллагуудын анхаарлын төвд орчихоод байгаа юм. Залилагчид жилд ойролцоогоор 500 гаруй тэрбум ам.долларыг дэлхийн өнцөг булан бүрээс иргэдээс залилж авдаг. Тиймээс иргэд хамгийн гол нь ятгах тусам нягтлах хэрэгтэй.
-Цахим залилангийн ямар, ямар хэлбэр нь түгээмэл байна вэ?
-Залилагчид хэн нэгний цахим хаягт халдаад ойр дотны хүмүүсийг судалж байгаад “Яаралтай мөнгө зээлээч. Удахгүй буцаагаад өгье” гэсэн зурвас бичдэг. Тэгэхэд ойр дотных нь хүмүүс нь “Хэрэг болсон юм байлгүй” гэж бодоод хэлсэн данс руу нь хэрэгтэй гэсэн мөнгийг нь шилжүүлчихдэг байдал түгээмэл байна. Дараагийнх нь романс залилан. Огт танихгүй хүнтэй цахимаар хайр сэтгэлийн харилцаа тогтоогоод, итгэлийг нь олчихоод янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд мөнгө зээлдэг. Мөн фэйсбүүк дээр “Хүүгүй, 100 сая хүртэлх зээл олгоно”, “Манай олон улсын байгууллага таны санхүүгийн асуудлыг шийднэ” гэх мэт модон хэллэгтэй, уншихад эв хавгүй заруудыг гадаад хүний нэр, зурагтай хаягнаас хандалт өндөртэй лайв, бичлэгийн доор үлдээдэг. Ийм хүмүүст иргэд өөрийн хувийн мэдээллийг өгчихдөг ба “Таны өгсөн мэдээллийн дагуу судаллаа. Та манай компаниас зээл авч болох юм байна. Танд таны хүссэн хэмжээний мөнгийг энэ долоо хоногтоо гаргаад өгчихнө. Тэгэхийн тулд та эхлээд тухайн мөнгөнийхөө 0.5 хувийг төлөх шаардлагатай. Хэрэв та зээл авмаар байвал яараарай. Дараагийн хүн хүлээж байна” гэсэн утга бүхий зурвасуудыг илгээж ятгадаг. Түүнд нь иргэд итгэж мөнгөө шилжүүлж, цахим залилангийн хохирогч болоод байна. Түүнчлэн телеграм платформ ашиглан хүмүүс маш их залилуулж байна. Дан ялангуяа эмэгтэйчүүд телеграм залиланд их өртөж байна. Энэ төрлийн залилангийн онцлог нь “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй” гэсний дагуу мөнгөө богино хугацаанд амар хялбар аргаар өсгөчихье гэсэн байдлаар иргэд хамгийн багадаа 800 мянган төгрөг шилжүүлэн залилуулж байна. Ингэхдээ залилагчид гурав, дөрвөн хүний дансны дугаар луу хохирогчдоор мөнгө шилжүүлүүлж авдаг.
-Бараа бүтээгдэхүүн зарах нэрийдлээр хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлаж залилах тохиолдлууд газар авч байх шиг байна?
-Тийм ээ. Залилагчид хүний хэрэгцээнд тулгуурлан энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Хүний хэрэгцээг өгөөш болгож байна гэсэн үг. Тухайлбал, “Хотын төвд хаана ч байхгүй хямд үнээр орон сууц түрээслүүлнэ” гэх мэтээр хамгийн таатай нөхцөл, зах зээлийн үнээс доогуур хямд үнийг санал болгодог. Зарынх нь дагуу хэн нэгэн холбогдвол өөр зар дээр байршуулсан орон сууцны зураг, хуурамч бичиг баримтын зураг илгээж, “Дараагийн хүн хүлээж байгаа учраас та авах бол урьдчилгаа мөнгөө яаралтай шилжүүлэх хэрэгтэй” гэх байдлаар огт байхгүй зүйлийг зохиомлоор, зориудаар бий болгон иргэдийг залилж байна. Саяхны жишээ гэхэд энэ сарын 14-ний өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн “VIP аялалд аялуулна” гэсэн зарын дагуу гурван удаагийн гүйлгээгээр 17 сая төгрөг шилжүүлж залилуулсан хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
-Цахим залилангийн шинэ хэлбэр гарч байна уу?
-Цагдаагийн байгууллагад хоногт хамгийн багадаа гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1000 орчим дуудлага, мэдээлэл бүртгэгддэг. Үүнээс залилах гэмт хэргийн дуудлага мэдээлэл цөөнгүй бүртгэгддэг. Саяхан цахимд нийтлэгдсэн “Засгийн газраас зээл олгоно” гэсэн зар мэдээллийн дагуу нэг өндөр настан холбогдож, дөрвөн өөр дансны дугаар луу нийт 17 орчим сая төгрөг хийж залилуулсан. Мөн иргэд валют арилжааны эрхтэй төвүүдэд очиж гадаад валютын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг биечлэн очиж авахаас илүүтэй цахимаар үйлчилгээ авах нь ихэсч байна. Иргэдийн энэ хэрэгцээн дээр нь тулгуурлан цахимд “Юань шилжүүлнэ” гэсэн зар, мэдээлэл тавьж иргэдийг залилж байна. Энэ төрлийн залилан телеграмд их үйлдэгдэж байна. Телеграмд “Юань солино, зарна” гэсэн группүүд их байдаг юм байна. Ингэхдээ хүмүүс маш өндөр дүнгээр буюу хамгийн багадаа 10 гаруй сая төгрөгөөр залилуулж байна.
-Цахим залилангийн арга хэлбэр нь улам л нарийсаад байна. Тийм үү?
-Тийм ээ. Тэгэхээр иргэд ямар нэгэн аппликэйшн, платформ ашиглаж байгаа бол өөрийн хувийн мэдээллээ аль болох бусдаас нууцлах, тухайн аппликэйшнд нэвтэрдэг кодоо бусдад өгөхгүй байх хэрэгтэй. Мөн гар утсаа алдсан тохиолдолд хувийн мэдээлэл бүхий аппликэйшнүүдийхээ нууц үгийг солих шаардлагатай. Саяхан хамт ажилладаг хүндээ зээлийн аппликейшнийхээ нууц үгийг хэлчихсэн байтал тэр хүн нь өмнөөс нь хоёр сая орчим төгрөгийн зээл авчихсан байна гэсэн гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.
Мөн “Урьдчилгаагүй зээл өдөрт нь олгоно” гэх зар мэдээлэл цахим орчинд их байдаг. Энэ нь залилах гэмт хэрэг байж магадгүй учраас иргэд цахим орчинд байршуулсан мэдээллийг өөрийнхөө боломж бололцоогоор шалгаж байх хэрэгтэй. Хэн нь мэдэгдэхгүй хүн рүү өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгийг нягталж шалгахгүйгээр шилжүүлнэ гэдэг эрсдэлтэй.Түүнчлэн улирлаа дагаад гадаад улсад сургуульд зуучилна, виз гаргаж өгнө гэж иргэдийг залилах тохиолдол нэмэгдэж байна.
-Залилагчид өөрсдийнхөө дансыг ашигладаггүй, байнгын дансаа ашигладаггүй хүмүүсийн дансыг ашигладаг гэдэг?
-Цахим гэмт хэрэг үйлддэг этгээдүүд өөрсдийн дансыг ашиглахаас илүүтэй өрөөл бусдын дансыг их ашиглаж байна. Тухайлбал, хамаатан садан, алслагдсан аймаг, суманд амьдардаг банкны карт, интернэт банк зэргийг ашигладаггүй, банкаар үйлчлүүлдэггүй, архины хамааралтай зэрэг эмзэг бүлгийн иргэдийн дансыг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, хууль бусаар олсон мөнгөө бусдын дансаар дамжуулан гаргаж авч байна. Тийм ч учраас цахим гэмт хэрэг мөнгө угаах болон залилах гэмт хэргийн шинжийг давхар агуулж байдаг.
-Цагдаагийн байгууллага цахим залилангийн эсрэг ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр богино хэмжээний видео мэдээллийг байнга цахим орчинд түгээж байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сэрэмжлүүлэг мэдээлэл түгээх, радио долгионоор урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээх, цахим орчинд олон дагагчтай хүмүүсээр дамжуулж иргэдэд мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг тогтмол хийж байна. Хамгийн сүүлд “Ятгах тусам нягтал” аяныг зохион байгууллаа. Энэ мэтчилэнгээр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх ажлыг боломжтой хэлбэрээр бүхий л сувгаар дамжуулан хийж байна.
-Цахим залилагчдын онцлог юу вэ?
-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нэг үйлдлийн аргаараа олон удаагийн гэмт хэрэг үйлдсэн байх тохиолдол их бий. Тухайлбал “Орон сууц түрээслүүлнэ” гэсэн зар мэдээлэл байршуулж, хамгийн багадаа хоёр иргэнийг залилсан байдаг. Хохирогчдын тоо ихсэх тусам шалгах ажиллагааны цар хүрээ нэмэгддэг, гэхдээ цагдаагийн байгууллагаас бүртгэгдсэн гэмт хэргийг хуулийн хугацаанд түргэн шуурхай шалгаж, иргэнд учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад барагдуулахыг зорьж ажилладаг. Ер нь зүгээр нэг хүн залилан хийхгүй, нэлээн судалгаатай хүмүүс л залилан хийж байна. Тэд хохирогчоо сонгож байна, урьдаас төлөвлөж, зохион байгуулалтад орж бусдыг залилж байна. Танд таатай нөхцөл санал болгосон бүгдийг залилан гэж хэлж болохгүй. Гэхдээ таатай нөхцөл санал болгож байгаа л бол өөрийнхөө хэмжээнд шалгах хэрэгтэй. Алдсан хүн арван тамтай гэгчээр бусдад эд хөрөнгөө залилуулсны дараа цаг хугацаа, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсноос залилуулахаасаа өмнө шалгачих хэрэгтэй. Маш сайн шалгаж, нягталсны үндсэн дээр өөрийн эд хөрөнгөө бусдад шилжүүлэхгүй бол таны эд хөрөнгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх, хуурамч бичиг баримт ашиглах зэрэг олон уран нарийн аргаар залилах гээд хүлээгээд сууж байгаа гэмт санаа, бодол агуулсан хүмүүс хаа сайгүй байгааг иргэд анхаарах хэрэгтэй.
Ө.АНХЗАЯА
Сэтгэгдэл