Төв Азийн эргэн тойронд

Aдмин / Улстөр

Дэлхийн хүчний динамик тогтворгүй байгаа энэ үед Төв Азийн улс орнууд баруунтай харилцаагаа өргөжүүлэх алхмуудыг эрчимтэй хэрэгжүүлж байна.

Орос Украины дайн эхэлснээр тус бүс нутагт Оросын нөлөө суларсан ч Д.Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдсоноор дайн ойрын хугацаанд дуусах магадлал өсөж байна.

Энэ нь Төв Азид Оросын нөлөө дахин нэмэгдэх боломжийг бий болгох тул бүс нутгийн орнууд хоорондын газар нутгийн маргаанаа шийдвэрлэн, өрнөдийн түншлэлээ бататгаж, эдийн засгаа төрөлжүүлж, БНХАУ болон ОХУ-ын сүүдрээс гарахыг яаравчилж байгаа юм.

Тодруулбал, 2022 оны 9 дүгээр сард Тажикистан – Киргизийн хилийн зурваст танк, миномёт, пуужин, дрон зэргийг ашигласан, нийтдээ 100 гаруй хүн амь үрэгдэж, 130 000 гаруй хүн орон гэрээ орхиход хүрсэн хүчтэй зэвсэгт мөргөлдөөн болсон.

Энэ асуудлаар 2025 оны 3-р сарын 13-нд хоёр тал уулзан, 970 км урт хилийн шугамыг тодорхойлж, 31-нд болсон Тажикистан, Узбекистан болон Киргизийн төрийн өндөрлөгүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцээрийг эцэслэн баталжээ.

Мөн тус уулзалтаар Ферганы хөндийн гурван улсын хилийн уулзварыг албан ёсоор баталгаажуулж “Хужандын тунхаг бичиг”-т гурван улсын төрийн өндөрлөгүүд гарын үсэг зурсан байна.

Түүнчлэн, уг уулзалтын үеэр Э.Рахмон, М.Шавкат нар ганцаарчилсан уулзалт хийн Тажикистан болон Узбекистан хоорондын холбоотны харилцааны тухай гэрээг соёрхон батлах протоколд гарын үзэг зурсан юм.

Гурван талт дээд хэмжээний уулзалтын дараахан 4 дүгээр сарын 4-нд Узбекистан улсын Самарканд хотноо “Төв Ази-Европын холбоо” дээд хэмжээний анхны уулзалт зохион байгуулагдав. Уулзалтад Төв Азийн таван орны ерөнхийлөгчдөөс гадна Европын Зөвлөлийн дарга Антонио Коста, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар оролцсон байна.

Эрчим хүч болон ногоон шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд дээд хэмжээний уулзалтын үеэр Европын Холбоо болон Төв Азийн улс орнуудын газрын ховор элементийн тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бий болгох “Газрын ховор металлын талаарх хамтын санаа зорилгын тунхаг”-ыг үзэглэсэн юм.

Дээд түвшний уулзалтын төгсгөлд түншлэлийн харилцаагаа шат ахиулан стратегийн түншлэл тогтоож хамтарсан тунхагт талууд гарын үсэг зурж, хоёр бүс нутгийн хүмүүнлэг, эдийн засаг, технологийн интеграцчлалд чиглэсэн багц санамж бичгүүдийг баталжээ.

Уулзалтаас гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах үүднээс Шадар сайдын түвшинд жил бүр хуралддаг байнгын ажиллагаатай Түншлэлийн хороог байгуулахаар тохиролцсон байна.

Үүнээс гадна Төв Азийн бүс нутагт 12 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг тээвэр, дижитал холболт, ногоон энерги болон чухал түүхий эдийн салбарт тус тус оруулахаар болсон юм.

Төв Азийн орнууд ЕХ-ноос гадна АНУ-тай 2023 онд C5+1 Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний уулзалтын үеэр Стратегийн түүхий эдийн яриа хэлэлцээ хийсэн ба Нью Йоркийн тунхаглал байгуулсан юм. Түүнчлэн АНУ ховор металлын салбарт хамтран ажиллах санамж бичгийг Казахстан болон Узбекистантай үзэглээд байгаа бол бусад улстай яриа хэлэлцээний түвшинд явагдаж байна.

Дээрх үйл явдлуудаас харвал Төв Азийн орнууд дотоод зөрчилдөөнөө хурдан шийдэж, барууны орнуудтай хамтын ажиллагаагаа бататгахаар зорьж байна. Эдгээр үйл явдал нь дипломат харилцаа сайжирч, эдийн засгийн интеграцчлал, бүс нутгийн аюулгүй байдал бэхжиж байгааг харуулж байгаа ч иргэдийн үзэл санаа, усны нөөцийн маргаан, гаднын геополитикийн нөлөөлөл гэх зэрэг сорилтууд байсаар байна.

Төв Ази Орос болон Хятадын нөлөөнөөс зайлсхийж, Европ болон АНУ-ыг “налж”, үүд хаалгаа өргөнөөр нээх эрмэлзлүүд ажиглагдаж байна. Түүнчлэн АНУ болон Европын санаачилгыг уриалгахан хүлээн авч, дээрх хоёр тивд Хятадын ховор металлаас хамаарах хамаарлыг бууруулахад туслахын зэрэгцээ өөрсдийн эдийн засгийг дээшлүүлж “win-win” нөхцөл бий болгохоор оролдож байна.

Эх сурвалж: АЮУЛГҮЙ БАЙДАЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН


Сэтгэгдэл

Монголыг Азийн төвөөс шахаад гаргачих юмаа. [66.181.160.49] 2025-04-21 11:15:06

Тэгэхээр Монгол бол Төв Ази биш Зүүн Ази болж байх шив дээ. Монголыг бодвол эдгээр 5 улс Европт илүү ойрхон юмдаа. Европын Холбоотой гэрээ байгуулаад л, хамтын ажиллагаа тогтоогоод л, тус Холбооны тэргүүн Үрсүла фон дер Ляйен ирээд л. Сүрхий юмаа.

Зочин [101.44.83.127] 2025-04-21 08:46:55

Бас л шаахымаа!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000