Б.Түвшинбат: Ойлгомжгүй, биелүүлэх боломжгүй шаардлагуудыг бүтээх гэж явсаар сөхөрч уналаа

Жижиг дунд бизнес эрхлэгч Б.Түвшинбаттай ярилцлаа.
-Та ямар төрлийн бизнес эрхэлдэг вэ?
-Манайх бол гадаад худалдаа буюу импортын бүтээгдэхүүн оруулж ирж зардаг. Миний хувьд бизнес эрхлээд 30-аад жил болж байна. Энэ хугацаандаа олон бизнесийн салбарт хүч үзсэн. Цөөнгүй удаа дампуурлаа зарлаж байсан. Одоо ч гэсэн татварын өртэй, дансаа хаалгуулсан жижиг дунд бизнес эрхлэгчид олон бий. Жаахан эвгүй болоход л хилийн хориг тавьж, эрүүгийн хэрэг үүсгэдэг болчихсон байх жишээтэй.
Өнгөрсөн жилийн УИХ-аар баталсан хуулиар 50-иас дээш сая төгрөгийн татварын өртэй хүн бол бараг гэмт хэрэгтэнд тооцогдож байна шүү дээ. Угтаа зах зээлийн системээ зөв голдиролд нь явуулсан бол хүмүүс өрөнд орохгүй байсан. Төр нь хэтэрхий их данхайсан системтэй. Бүх зүйлийг хүчээр, механикаар болгох гэж зүтгээд байгаа учраас л ийм дарамт аж ахуйн нэгжүүдэд бууж байгаа юм.
-Та бизнесээ эхлүүлэх гээд тусгай зөвшөөрөл авахдаа цаг хугацаа алдаж, дарамтад орж байсан уу?
-Жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүст хамгийн их тулгамддаг асуудал бол зөвшөөрлийн тухай хуулиуд байдаг. Хамгийн багадаа гурван сар хөөцөлдсөний үр дүнд үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл үүсдэг. Жишээ нь, хороон дээрээ бүртгүүлээд Тохижилт үйлчилгээний компанитай гэрээ хийнэ. Орсон гарсан бүх газартаа төлбөр тушаана.
Мөн галын дүгнэлт, цагдаагийн дүгнэлт авдаг. Үүний цаана өөр олон шаардлагууд бий. Энэ бүх зөвшөөрлийг авахын тулд дор хаяж гурван сар зарцуулна. Ерөөсөө л үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг дагалдаад ойлгомжгүй, боломжгүй шаардлагууд тавьдгаа болимоор байна. Үүнээс нь болоод олон хүн шантардаг эсвэл авлига руу ордог сонин системтэй боллоо.
-Ойлгомжгүй, боломжгүй шаардлагуудаас жишээ татахгүй юу?
-Хамгийн энгийнээр жишээ татахад галын дүгнэлт байна. Тодорхой заасан метр квадрат барилга дотор ийм хэмжээтэй галын хор болон орц, гарц, байх ёстой гэдэг. Нэг үүдтэй, хоёр хаалгатай байна гэх мэт иймэрхүү ойлгомжгүй шаардлагууд тавьдаг. Өөрөөр хэлбэл, шаардлагагүй зүйлийг шаарддаг. Түүнийг нь биелүүлэх боломжгүй байх жишээтэй.
Би нэг удаа эмийн бизнес эрхэлье гээд зөвшөөрөл хөөцөлдсөн юм. Тэгсэн чинь 100м2 талбай байх ёстой гэсэн шаардлага тавилаа. Хамгийн тэнэг нь юу байсан бэ гэвэл тухайн барилга нь анх баригдахдаа эмийн бизнес эрхлэхэд зориулагдсан байх ёстой гэсэн. Юу ч гэсэн үг юм. Бүү мэд. Дөнгөж бизнес эхлүүлэх гээд объект түрээслэх гэж байгаа хүмүүст тухайн барилга ямар байх нь хамаагүй шүү дээ.
Ядаж шаардлагад нь нийцсэн 100м2 талбайг олъё гэж бодсон. Анх тэр барилга яах гэж, юунд зориулагдаж баригдсаныг бид мэдэхгүй шүү дээ. Ийм балай шаардлага тавьдаг манайхаас өөр орон байхгүй. Ард түмнээ ингэж дарамталж, шулж идэхээсээ ичээсэй.
-Жижиг дунд бизнес эрхлээд амьдрахад манай улсын орчин нөхцөл ямар байна вэ?
-Өнөөдөр Монгол Улсын иргэн эх орондоо бизнес эрхлээд амьдрахад хамгийн төвөгтэй зүйл нь төр нийт баялгийн 80 хувийг эзэмшиж, бүтээж байгаад юм. Иргэдэд ажил олдохгүй байгаагийн шалтгаан энэ шүү дээ. Энэ 80 хувь иргэдэд байсан бол бизнес хийгээд зах зээлийнхээ зарчмаар явах боломжтой. Гэтэл нийт баялгийн 80 хувийг төр дангаараа бүрдүүлж байна. Уг нь бол төр бизнес хийх ёсгүй. Иргэд бизнес эрхэлж татвар төлсөн цагт зах зээлийн жамаараа явна. Гэтэл иргэдээ ч, улс орныхоо хөжлийг зориудаар боомилох гэж оролдоод байх юм.
-Тэгвэл татварын орчин ямар байна вэ?
-Гаднаас нь харвал татвар гайгүй юм шиг байдаг. Хуурдаг гэсэн үг. Анхлан бизнес эрхэлж байгаа хүмүүсийн орлого арайхийж 50 сая хүрэнгүүт НӨАТ татвар гэж авдаг. Дараагийн асуудал нь цалин байна. Жишээ нь, би ажилчдадаа 1.000.000 төгрөгийн цалин тавьдаг байлаа гэж бодоход үүнээс 300 мянган төгрөгийг татвар, нийгмийн даатгалын шимтгэлд өгдөг. Тэгэхээр цаад хүндээ цалин өгч, өөрөө ч цалин тавьж, тайлагнахад үнэхээр хэцүү нөхцөлд байна.
Мөн хүнд цалин өгснийхөө төлөө улсад бараг 300 мянгыг торгууль болгож төлдөг. Сүүлийн үед хоорондоо тохиролцоод шууд цалингаа тавьдаг болсон байна лээ. Ажил хийсэн ч, хийгээгүй юм шиг цалин авахаар хэн дуртай байх юм. Татварын орчин бол үнэхээр боомилж байна. Биднийг гишгэх газар үгүй болгосон. Амьдрахын тулд л явж байна даа.
Ард түмнээ ажилтай, орлоготой амьдруулъя гэвэл төрийн оролцоог б изнесийн орчинд хязгаарлах хэрэгтэй. Бүх зөвшөөрөл, шаардлагуудаа болих хэрэгтэй. Жишээ нь, цайны газар байгуулах гээд зөвшөөрөл хүсвэл “Та стандартаа сайн хангаарай гээд” тайван орхичих л хэрэгтэй байна. Гол нь стандартаа зөв тавь. Одоо төрийн өмчит компани их байгуулагдаж, хувийн бизнесийг хумьж байна. Энэ бол маш том алдаа шүү.
Бизнес олон янз байдаг. Жижиг дунд үйлдвэрлэгч, х удалдаа эрхлэгч, үйлчилгээний бизнес эрхлэгчид гэж бий. Гэтэл бид үйлдвэрлэгч байх ёстой гээд гаднаас орж ирж байгаа бараанд асар их татвар ногдуулдаг. Жишээ нь, гаднаас оруулж ирж байгаа тавилганаас гэхэд 30 хувийн татвар авдаг. Ингэхээр үйлчилгээ, худалдааны бизнес эрхэлж байгаа хүмүүс яах юм бэ.
Хүн бүр үйлдвэрлэгч байж чадахгүй. Бизнес гэдэг дотроо олон төрөлтэй гэдгийг ойлгоосой. Юунд хүрэх гээд байгаа нь ойлгомжгүй их татварын дарамтыг бий болгоод байна. Үүнийгээ зогсоо. Үйлдвэрлэгч болохын тулд тодорхой хэмжээнд санхүүгийн боломжтой байх ёстой. Бид зах зээлийн нийгэмд шилжээд дөнгөж 30 жил болж байна. Тиймээс бидэнд өвлөөд ирсэн хөрөнгө гэж зүйл алга. Өсгөөд үржүүлэх мөнгө байхгүй учраас банкнаас зээл аваад мөнчгөрөөрөө зүтгэж явна.
Мэдээж санхүүгийн хувьд боломжтой болоод ирвэл үйлдвэрлэх шат руу орно. Гэтэл энэ шат руу оруулах нь битгий хэл зүгээр амьдрах гээд явж байгаа хүмүүсээ боомилж байна. Ойлгомжгүй, боломжгүй шаардлагуудыг нь бүтээх гэж явсаар сөхөрч уналаа.
-Хилээр бараагаа оруулж ирэхэд хүндрэл үүсдэг үү?
-Жижиг дунд бизнес эрхлэгчдэд тохиолддог түгээмэл асуудал энэ шүү дээ. Оруулж ирж байгаа бараа нь бага хэмжээтэй байдаг учраас гааль дээр өөрсдөө баримтын бүрдүүлэлт хийгээд явах боломжгүй. Тиймээс карго, шуудангаар бараагаа оруулж ирдэг. Ингээд бараагаа зах зээл дээр гаргаад зарах гэхээр энэ бараагаа худалдаж авсан, оруулж ирсэн гэдгээ баримтаар нотол гэдэг.
Ганц портер ачааг карго, шуудангаар оруулж ирж байгаа хүмүүст ямар ч баримт байхгүй шүү дээ. Борлуулсан зүйлд зардал байхгүй учраас шууд татвар төл гэдэг. Иймэрхүү хүндрэл бол жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөлийг дөнгөлдөг.
-Ном журмын дагуу баримтыг нь аваад хилээр оруулж ирэх боломж байхгүй юу?
-Одоогоор байхгүй байна. Хятадаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд заавал том оврын машинаар ирсэн цагт бүрдүүлэлт хийгдээд баримттай болдог. Жижиг үйлдвэрлэгч бол нэг портер ачаа оруулж ирэх л бололцоотой. Боломж нь энэ шүү дээ. Том оврын машин бол 20 портер ачааны багтаамжтай. Ингээд бодохоор өөр оруулж ирэх арга байхгүй байна шүү дээ.
Энэ их жижиг, том хүндрэл бэрхшээл, татварын дарамт дунд олон компани дампуурлын ирмэг дээр байна. Амьсгаа авах боломж бидэнд олгооч ээ. Үйл ажиллагаа явуулж байгаа нэртэй ч аль хэдийнэ амьгүй болсон аж ахуйн нэгж Монголоор дүүрэн байна.
Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”
А.ДАВААДУЛАМ
Сэтгэгдэл
Зочин [202.9.41.78] 2025-04-24 00:52:51
Нам нам дагасан өлөн бөгс цүнхчин даргадааа сайн пялдгуудл баяждаг хурган дарганцар болооод дуугарч ядна урна донгодоно гэж үг үнэндэгшүү
Зочин [202.126.90.59] 2025-04-23 15:24:58
Бүгдээрэй цагдаа шүүгч улс төрч болоод сайхан амьдрах нэг арга байнаа
Иргэн [66.181.189.156] 2025-04-22 23:56:41
Шүүх прокурорууд жижигхэн алдааг дөрөөлөж маш их авилга тойруу замаар нэхэж дарамтлан юм аа!!! Хувийн хэвшлийн хүмүүс чинь хуулийнханд хамаг байдгаа дээрэмдүүлээд байдаг МАН- төр нь харсан ч хараагүй царайлах үгүй мөн хэцүү бн!!! Улсад хохрол учруулаагүй байхад л хохрол учируулах шахсан гээд л айлгаж байгаад авдаг өгдөг!!!
Шоовдор бизнесүүд. [66.181.160.54] 2025-04-22 10:52:47
Жижиг, дунд үйлдвэрлэл бол Засгийн газрын хувьд үйлдвэрлэлийн ШООВДОР салбар. Учир нь улсад нэг их орлого оруулдагүй, дагнан дэмжлэг шаардаж байдаг, дэмжихгүй бол дампуурчихдаг аж ахуйн нэгжүүд байдаг. Байнга царай алддаг. "Үгүй" гээч.
zochin [202.9.40.31] 2025-04-22 10:42:23
unen, solongos yavj ajil hiij mongold bga ger bullee tejeej bna, ene deer bga humuus ni hamgiin ineedtein ard tumnii amidraliigmeddegui
Иршэн [66.181.186.163] 2025-04-22 09:56:20
Төрийн нэрээр компани үйлдвэр байнуулж байгаа Бүүр аудалдааны төв ажилллуж байна ЯСая Хөвсгөлд.шатсан байшин ийм ажлын үр дүн Аймагмболгон ингэсэн Тэгээд сум болнон хороо өолгон ийм юм хиых үү Оюун эрдэнэ ыүгдийг өөрийгөө хамгаалахигэу баллаж байна Ыүх өвгөчүүл чавганц нар гадаадад татвар төлбгчдийн нийтийн мөнгөар амрахаар явлаа Төрийн алыанйхан цалин 5 сая 8 сая хүрлээ Тэд.дураараа 65 нас хүртлээ амрах нь Тэтгэврээ 5 саяар тогтоолгосон Тэтгэвэртгаоахдаа 80 сая төгрөг авч байна Ийм байхад яаж хувийн хэвшил хөгжих юм
Зочин [183.177.105.156] 2025-04-22 08:55:28
үнэн үнэн