З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон шийдвэрийг хүчингүй болгов

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хэлэлцжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/400 дүгээр шийтгэх тогтоолоор З.Энхболдод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Харин Б.Энх-Амгаланг үргэлжилсэн үйлдлээр улс төрд нөлөө бүхий этгээд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяагийн өгсөн урьдчилсан мэдээллээр, давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Учир нь, прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хэргийн үйл баримтыг хэт ерөнхийлөн тодорхойлсон байна.
Тодруулбал, яллах дүгнэлтэд авто замын ангилал шилжүүлэх болон эзэмшүүлэх шийдвэр гаргаснаараа ямар эрх зүйн үр дагавар үүсгэж, энэ нь нийгэмд аюултай, гэм буруутай ямар үйлдэл эс үйлдэхүй болохыг тодорхой дүгнээгүй.
Үүнээс гадна Б.Энх-Амгаланг нийтийн, эсхүл улс төрд нөлөө бүхий гэсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлоогүй атал анхан шатны шүүх яллаагүй үндэслэлээр Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн.
Энэ нь нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчжээ.
Түүнчлэн, тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1096 дугаар магадлалд заасан үндэслэлийг биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болох гэрч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн шүүгдэгч тус бүрийн хамтран оролцсон хэлбэрт зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Асуулт. [66.181.160.12] 2025-05-01 12:53:19
Энэ хоёрын хэн нь хэнийгээ чирчих вэ? Нэг л дуусч өгөхгүй сунжраад байх юм.
Зочин [66.181.179.61] 2025-05-01 11:16:04
Манайд хууль, шүүх байгууллага байдгийн юм уу, шүүгч нар нь бүгд авилгачид дарга уих гишүүд нь бүгд хулгайч луйварчин, хилээр өчнөөн хужаа нар орж ирж бна. Нөгөө ажиллах хүч нь оюун-эрдэнэ,амарбаясгалан,хүрэлсүх нар улсыг үнэндээ удирдаж чадахгүй бна